“МИНИЙ УЛААНБААТАР” ШИЛДЭГ ТӨСЛИЙН САНАА СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, Монгол Улсын их сургуулийн Газар зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулсан “Миний Улаанбаатар” шилдэг төслийн санаа сонгон шалгаруулах уралдаан амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээний зорилго нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, хотын хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр нээлттэй, бүх салбарыг хамарсан шинэ төслийн санаа-шилдэг инноваци санаачлагыг нээн илрүүлэх, дэмжихэд оршиж байв.
Уралдаан 2 үе шаттай явагдсан бөгөөд энэ сарын 15-18-ны хооронд 8 их дээд сургуулийн бакалаврын түвшний 50 гаруй оюутнууд 20 гаруй материал ирүүлснээс эхний шатанд шилдэг 10 төслийг шалгаруулж, дараагийн шатанд дээрх шалгарсан төслүүдийг илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, байр эзлүүлэв.
МУИС, ШУС-ийн БУ-ын салбар, БОЗТС-ын оюутан Ж.Дашням, Г.Адьяа-Очир, Ч.Болорчулуун нар “Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслөөрөө тэргүүн байр эзэллээ. Харин хоёрдугаар байрт МУИС, ШУС-ийн Эдийн засгийн хөтөлбөр, МУИС, ОУХНУС-ийн оюутан А.Алтанбаяр, Б.Ангирмаа нар “Үзээд алдах уу? Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан нийгмийн суурь хүртээмжийг нэмэгдүүлэх” төслөөр, гуравдугаар байрт МУИС-ийн оюутан Н.Нандинцэцэг “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр судалгаа” төслөөр, тусгай байрт Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн оюутан М.Ханддорж, Н.Золзаяа “Иргэдийг ухамсартай үйлдэлд нь урамшуулах замаар зам талбайн ил задгай хог хаягдлаас ангижрах нь” мөн ШУТИС-ын оюутан Б.Баярсайхан, Н.Аззаяа, Б.Хонгорзул “Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зэрэг төслүүд тус тус шалгарав.

Тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлье.