Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо “Цэргийн хотхон” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Төлөвлөлтийг хот байгуулалтын тухай хууль, газрын тухай хууль, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжлүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичиг болон бусад батлагдсан зураг төсөлтэй нийцүүлэн боловсрууллаа. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж буй нутаг дэвсгэр нь Сүхбаатарын талбайгаас 10 км зайд, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн “Сонсголон” дэд төвтэй хаяа залгасан байрлалтай, СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 28.2 га талбайг хамарч байна. Нийтийн тээврийн сүлжээнд холбогдсон, цаашид Улаанбаатар метро сүлжээнд холбогдох боломжтой.

Төлөвлөлт хийгдэж буй 28.2 га талбайд 2030 оны түвшинд 3785 өрхийн 13626 хүн байхаар тооцсон бөгөөд төлөвлөлтийн шатанд 1105 орон сууц ашиглагдаж байгаа бөгөөд үүнээс 680 цаашид ашиглах, 425 айлын сууцыг дахин төлөвлөлтөд хамрагдахаар тооцсон. Төлөвлөлтийн хүрээнд өндөр давхрын орон сууц, олон нийтийн барилга байгууламж, барилгажилтын нягтралыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашигтай бүтээн байгуулалтыг бий болгох зарчмыг баримталсан. Цэргийн хотхон орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 265,198.14 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 88 хувь барилга угсралтад, автозам, тохижилтод 7 хувь, газар чөлөөлөх зардалд 3 хувь, инженерийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл арга хэмжээнд 4 хувийг тус тус зарцуулах тооцоо гарч байна. Төслийн үр дүн гэр хорооллын нутаг дэвсгэрийг дахин төлөвлөн орчин үеийн хот байгуулалтын стандарт норм дүрмийг хангасан орон сууц, олон нийтийн холимог хороолол болгон хөгжүүлэхээр зорьсон.