Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

2015.11.20

УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн ерөнхий чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй болгон хөгжүүлэхээр заасан. Мөн нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хотыг  нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлж, улмаар хөгжил дагуулсан бүтээн байгуулалтыг эхлүүлнэ” гэж тусгасан байдаг. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Нисэх, Яармаг орчмын орон сууцны хороолол, Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчмын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Баянхошуу дэд төвийн төлөвлөлт хийж буй газар нутаг нь Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 24, 28 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 318,2 га талбайг хамарч байна. Харин Сэлбэ дэд төв нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нийт 158 га талбайг хамарч байгаа юм. Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хөгжүүлснээр 400 мянган иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой болох юм. Дэд төвүүдэд парк, ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль, соёл амралтын төв болон спорт цогцолбор, залуучуудын клуб, соёлын төв, эмэгтэйчүүд болон ахмадын клуб зэргийг байгуулахаар төлөвлөөд байна.
Баянхошуу дэд төвийн бүсийг худалдаа үйлчилгээний төв болгон хөгжүүлж, үйлчлүүлэгч, олон нийтийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх орчинг бүрдүүлж, төр захиргааны барилга байгууламжийг байршуулна.

Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчмын ерөнхий төлөвлөгөө

Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчим нь нийт 3210 га газрыг хамарч байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Малын эмийн үйлдвэр, Био технологи, Амралт сувилал, Гахай, загас, шувууны эрчимжүүлсэн аж ахуй, Хүлэмжийн аж ахуй хүнсний ногооны үйлдвэрлэл, Аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэлд тусгасан юм.

Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө

Нисэх, Яармаг орчим нь Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун өмнөд бүсэд нийт 4400 га талбайг хамарна. Тус байршил нь 15739 өрхийн 62661 хүн амтай бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 2020 он хүртэл 145.300, 2030 онд 178.400 хүн амтай болохоор төлөвлөсөн. Ерөнхий төлөвлөгөөг төлөвлөлт, судалгааны 9 бүс болгож бүс тус бүр өөрийн гэсэн онцлогийг тусгаж, газар нутгийн хэмжээнд 49600 айлын орон сууц бүтээн байгуулалтаар бий болгохоор төлөвлөж байгаа юм.
Олон улсын онгоцны буудал, Улаанбаатар хотын төвийг холбосон гол хурдны зам, цаашид олон улсын чанартай амралт, жуулчны цогцолбор байж болохуйц Нүхтийн замын дагуу орших тул архитектур орон зайн төлөвлөлтийн хувьд Улаанбаатар хотын салшгүй нэг хэсэг болох юм. Яармагийн хорооллын соёл-олон нийт, худалдаа үйлчилгээ, биеийн тамир спортын төв нь “Буянт Ухаа-Улаанбаатар” хотыг холбосон гол замын дагуу байрлах тул архитектур орон зайн зохиомж, төлөвлөлтийг бий болгоно.
Төлөвлөлтөөр одоогийн Яармагийн авто замаас гадна босоо тэнхлэгийн хурдны зам, Хөшигтийн хөндий дэх “Шинэ нисэх онгоцны буудлын” гол гудамж замууд дайран өнгөрөх бөгөөд эдгээр нь тухайн бүс нутгийн хөгжилд чухал  нөлөө үзүүлэх гол хүчин зүйл юм. Ерөнхий төлөвлөгөөний авто замын сүлжээ нь Хурдны зам, Гол гудамж,зам, Туслах гудамж, зам, Нутаг дэвсгэрийн зам гэсэн 4 ангилалтай байна.